2005/01/23

Вандерлей Лушембурго: Би энд мөрөөдлөө биелүүлэх гэж ирсэн.


Мадридын "Реал" -ын ахлах дасгалжуулагчаар томилогдоод буй Бразилийн хөлбөмбөгийн мэргэжилтэн Вандерлей Лушембурго да Сильва гэж хэн бэ? Үнэндээ түүний тухай ханатлаа ярьж, залхтал бичиж байна. 2000 онд тэрбээр Бразилийн олимпийн шигшээ багийг удирдаж байхдаа Роналдиньог анх " нээсэн". Мөн Роналдо ч түүний гарын шавь. Тэр Бразилийн шигшээ багийг удирдах хугацаандаа 100 өөр хөлбөмбөгчийг урьж тоглуулсан гэмтэй нэгэн.


Цуу ярианд итгэх юм бол тэрбээр "Би танай хүнийг шигшээдээ хэдэн минут тоглуулчихья. Оронд нь та гэрээнийхээ мөнгөний хэдэн хувийг өгөөрэй" хэмээн шигшээ багийн орон тоогоор наймаа хийдэг байж. Тэгээд л 100/ ! / хөлбөмбөгчийг урьсан хэрэг. Овоо мөнгө олоо л доо.

Лушембурго мөн ижил хүйстнүүдийг хэтэрхий үзэн яддаг нэгэн. Вампета хэмээх хөлбөмбөгчинг "цэнхэр"-үүдийн нэгэн сэтгүүлийн нүүрэнд зургаа тавиулсныг хараад "Энэ бол Вампетагийн хувийн хэрэг л дээ. Гэхдээ тэр надад хэтэрхий жигшүүртэй муухай амьтан харагддаг. Хэрэв би "цэнхэр" байсан бол тийм матартай хэзээ ч учрахгүй байсан" гэж мэдэгдсэн удаатай.

Рио-де-Жанейрогийн шүүхээс түүнд татвараас зайлсхийсэн хэргээр 5 жил 3 сар хорих ял оноож, 180 мянган ам. долларын торгууль ноогдуулж байлаа.

Мөн 1994-1997 оны Бразилийн хөлбөмбөгчдийн гадаадын багтай хийсэн гэрээний мөнгөн дээр "ажиллаж" байсныг нь тогтоосон байна. Бас дээр нь 2000 онд татварын алба түүний дансанд хууль бусаар 3,6 сая ам. доллар орсныг илрүүлжээ. Тэгээд болоогүй ээ, насаа дарсан хэрэгт ч орж байлаа. Гэвч энэ бүхэндээ тэрбээр хариуцлага хүлээлгүй зүгээр л өнгөрсөн юм. "Реал" -д тэр мөнгөн дээр " ажиллах" эрхгүй, хөлбөмбөгчидтэй ажиллах үүрэгтэй учраас санаа зоволтгүй.

"Реал"-тай Люшембурго нэг улирлын гэрээ хийжээ. Хэрэв баг амжилт олох юм бол гэрээ сунгагдах нь мэдээж. Ер нь түүнд алдах юм үгүй. Тэгээд ч "одод"-той ажиллаж сурсан, хатуу шаардлагатай тэрбээр " Реал"-ыг хэмжээнд нь хүргэж тоглуулж чадаж ч магад. Ингээд түүний юу ярьж буйг сонирхоё.

Ялалтаар ажлаа эхэлнэ лгэдэг цаашдын амжилтанд тун сайнаар нөлөөлнө гэж бодож байна уу?
Ялалт урамыг бадрааж өгдөгөөрөө тун чухал байдаг. Гэхдээ хөлбөмбөгчид ялахын төлөө бүхнийг зориулж байгаа нь надад хамгийн эрхэм зүйл. Одоо багийнхан маань бүхий л хүч, анхаарлаа тоглолтондоо зориулж чадаж байгаа нь илүү чухал юм.

Та хөлбөмбөгийн ямар сургуулийг төлөөлдөг вэ?
Мэдээж, Бразил хөлбөмбөгийн сургуулийг төлөөлдөг. Марио Загаллогийн тоглолтыг мэдэрч, удирдаж байгаа нь надад маш их таалагддаг байлаа . Өөр агуу дасгалжуулагчид ч бий. Тухайлбал Фабио Капелло байна. Бас Арриго Саккитай 1986 онд Италид 15 хоног ажиллахдаа түүний арга барилыг сайтар анзаарч, судалж байлаа. Энэ дасгалжуулагчид бүгд өөр өөр арга барилтай. Би бүгдээс нь л хэрэгтэйг нь авахыг хичээдэг.

Та тоглолтын үед богино долгионы станцаар л яриад байсан нь хүмүүст их содон харагдсан?
Би хүмүүсийн анхаарлыг татах гэж тэгээгүй юм шүү дээ. Бразилд би үзэгчдийн суудлаас тоглолтыг ажиглаж буй туслагч нартайгаа үргэлж станцаар харьцаж тоглолтыг бүрэн дүүрнээр нь " мэдэрдэг" байсан. Ингэж ажиллах нь үр өгөөжтэй байдаг юм. Би бүхээгний дор зүгээр суугаад байвал талбай дээрхийг бүхэлд нь харж чадахгүй шүү дээ.

Хоёрдугаар сар хаяанд ирлээ. " Ювентус"-тай хийх хүнд тоглолт хүлээж байна. Сэдэл санаагаа хэрэгжүүлж амжих нь уу?
"Юве"-г судалж амжина аа. Сэдэл санаагаа хэрэгжүүлэхийг хичээнэ. Гэхдээ бид улсын аварга шалгаруулах тэмцээнээ мартаж болохгүй. Европт ямар нэгэн том ялалт байгуулна л гэдэгтээ бид итгэлтэй байгаа.

Танай багийн бахархал хэн бэ?
Хөлбөмбөгчин хүн үргэлж ялалтаар өлсөж явах ёстой. Хэрэв тэр ялахыг хүсэхгүй байвал хөлбөмбөг тоглож ч чадахгүй. Хэн ч хожигдохыг хүсдэггүй шүү дээ. Роналдо хоёр ДАШТ-д түрүүлсэн, Зидан бас нэг ДАШТ-ий аварга. Аваргууд хожигдлыг үзэн яддаг юм. Тэд их бардам хүмүүс л дээ.

Та багийн ахлагч Раультай их ярилцаж харагддаг. Нууц биш бол юуны тухай ярьдаг юм бэ?
Түүний амьдралын хэв маяг, яриа нь надад таалагддаг юм. Тэгээд ч тэр бэлтгэл маш сайн хийж байгаа. Би түүнд " Тайван бай. Чи нэг л гоол хийвэл үргэлжлүүлээд олон бөмбөг оруулна. Жаахан л хүлээ" гэж хэлсэн. Иймэрхүү хүмүүс үргэлж л гоол оруулах тухай бодож, санаа нь зовж явдгийг би мэдэх юм.

Багийнхандаа хандсан эхний яриа юун тухай байв аа?
Би тэдэнд " Өнгөрсөн бүхэн түүх болоод ард хоцорсон. Бидэнд одоо ирээдүй л хамгийн чухал нь. Хэрэв та өнгөрсөн дурсамжаараа амьдрахыг хүсч байгаа бол гэртээ л байж бай. Та нар урьд нь нэг, хоёр гурван Европын цомд түрүүлсэн байсан ч надад хамаагүй. Одоо юу чадаж байгаа нь л хамгийн гол нь" гэж хэлсэн дээ.

Та " Реал"-д ирэхээс эмээсэнгүй юу?
Үгүй ээ. Би энд мөрөөдлийн багт мөрөөдлөө биелүүлэх гэж ирсэн. Хүссэндээ хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна.

No comments: