2010/12/23

Жозе Моуриньо: Тав дараалан 0:1-ээр хожигдсоноос нэг удаа 0:5-аар бут ниргүүлсэн нь дээр


ImageИталийн спортын тэргүүлэх хэвлэл “La Gazzetta dello Sport” Мадридын “Реал”-ын дасгалжуулагч Жозе Моуриньогоос саяхан томоохон ярилцлага авчээ. Энэ ярилцлагыг хөлбөмбөг сонирхогчдодоо бүрэн эхээр нь хүргэж байна.
- Энэ ярилцлага нийтлэгдэхээс өмнө Бенитес ажлаасаа халагдчихаж магадгүй гэдгийг та мэдэж байгаа юу?
- Үгүй ээ, мэдэхгүй байна, мэдэхийг ч хүсэхгүй. Харин “Интер”, миний найз ерөнхийлөгч Массимо Моратти, миний нөхөд тоглогчид, хөгжөөн дэмжигчид надад илүү сонирхолтой байна. Би “Интер”-ийг Аваргуудын лигээс бусад бүх тэмцээндээ түрүүлээсэй гэж хүсч байна. Аваргуудын лигт “Реал” оролцож байгаа болохоор тэр шүү дээ. Харин дасгалжуулагч хэн байх нь надад хамаагүй.

- "Интер" саяхан багийн дэлхийн аварга болчихлоо...
- Яг л төрийн дууллын минь ая шиг сайхан сонсогдсон энэ ялалтын чимээ. Ийм хөлбөмбөгчдийн дасгалжуулагчаар ажиллаж байснаараа их бахархсан.

- Гэлээ ч аварга болсны дараа Бенитес баясаад байхааргүй үг хэлсэн...
- Түүний хэлсэн үгийг онцын хүндээр хүлээж авах хэрэггүй. Би түүнийг бэлэглэсэн амжилтад “баярлалаа” гэж хэлэх байх гэж бодсон. “Интер”-ийнхнээс түүний тухай болон миний тухай юу бодож байгааг нь асуу л даа.

- "Интер"-т Манчинигийн дараа ирэх хэцүү юу эсвэл Моуриньогийн дараа ирэх хэцүү байсан болов уу?
- Манчинигийн дараа очиход бас хэцүү л байлгүй яахав. Ялангуяа улсдаа түрүүлчихсэний дараа очно гэдэг амаргүй. Чиний өмнөх дасгалжуулагчийн бүтээсэн бүхнийг үгүйсгэх шаардлагагүй. Түүнтэй тэрсэлдэх шаардлагагүй. Мөн одоо тулгаараад буй асуудлыг өнгөрсөнөөс хайх хэрэггүй.

- Энэ их хувийн яриа бололтой. Та наад бодлоо үргэлжлүүлээч...
- Би Манчини энд тоглож, дасгалжуулж байсан шүү гэж бодож, шаналж яваагүй. Гэхдээ л би Италид очоод ажлынхаа өрөөний хаалганы хажуу талд түүний зураг байгааг анзаардаг байлаа. Мөн түүний анхны цомын тухай өгүүлсэн танай сонин ч байсан. Энэ надад хүндрэл, шаналал авчраагүй. Би өнгөрсөнийг бодолгүй өөрийнхөө “Интер”-ийг бүтээсэн.

- Харин Бенитес...
- Харин тэр их сайхан нөхцөлд очсон. Дөрвөн тоглолтод гурван цом хүртэх боломжтой байсан. Ийм боломжийг дасгалжуулагч бүр хүсч мөрөөддөг. Гэвч энэ боломжоо бүрэн ашиглахын оронд баахан асуудал үүсгэж эхэлсэн. Түүнийг ажлаа амжилттай дуусгаж, маргаашаас өнгөрсөн жилийн “Интер” эргэж ирээсэй гэж хүсч байна. Би “Реал” руу одохдоо жаргалтай, хөгжилтэй, өөртөө бүрэн итгэлтэй “Интер”-ийг үлдээсэн. Эргээд хурдхан тийм болоосой.

- Моратти танд ямар санагддаг вэ?
- Тэр гайхалтай хүн шүү. Өдөр ирэх тутам л түүнийг илүүтэй ойлгож, үнэлсээр явна. Би түүнтэй харилцаж, харин тэр миний дасгалжуулагч болж хоорондоо дасч байсан.Энэ харилцааны дүнд би хамгийн шилдэг дасгалжуулагч болж тэр хамгийн мундаг ерөнхийлөгч болсон. Бид хамтдаа өсч дэвшсэн.

- Та хоёр байнга холбоотой байдаг уу?
- "Реал" хожвол тэр над руу залгадаг. Би бас “Интер”-ийг хожиход түүн рүү ярьж, баяр хүргэдэг. “Интер”-“Мазембе”-гийн тоглолтын өмнө би амжилт ерөөсөн мессеж илгээсэн.

- "Буцаж ирэх" гэсэн үг таны үгийн санд байдаг уу?
- Миний замналд тийм зүйл тохиолдож байсангүй. Үргэлж л шинэ хаалгаар орж, шинэ багтай золгож байлаа. Хэрвээ би бүхнийг дахин шинээр эхлэхийг хүсвэл шигшээ багтай л ажиллаж үзмээр санагддаг. 



- Та Португалын шигшээгийн дасгалжуулагч болох тухай ярьж байна уу?
- Тийм ээ. Гэхдээ энэ бол ажил мэргэжлийн гэхээсээ илүү сэтгэлийн дуудлага юм. Учир нь шигшээ багийн дасгалжуулагч бол миний хийх ёстой ажил биш. Жилдээ хорьхон удаа бэлтгэл хийлгэжж, аравхан удаа тоглоно гэдэг надад таарахгүй зүйл. Би бол багийн дасгалжуулагч. Жилийн арван хоёр сард өдөр ажилладаг. Долоо хоногт гурван тоглолттой ч үе таарна. Лхагва гаригт жаахан зав гарвал гуниглаад эхэлдэг юм.

- Гэхдээ Моуриньо шигшээ багийн дасгалжуулагч болох болов уу?
- Болно гэж бодож байна. Энэ бол миний хүсч буй сэтгэлийн их таашаал. Гэхдээ үүний өмнө Итали, Англид эргэж ажиллах шаардлага бий.

- Хэзээ Итали, Англид эргэж очно гэж?
- Яарах юу байхав. Би “Реал”-тай дөрвөн жилийн гэрээтэй. Энд удаан байхыг хүсч байна. “Реал”-д зөвхөн багаа дасгалжуулахаас гадна олон өөр ажил бий.

- Та Фергюсоны хийдэг өргөн хүрээтэй ажлыг хэлж байна уу. Тийм байх танд таалагддаг юм уу?
- Яг ч тэр бас биш ээ, “Реал” бүтэц, зохион байгуулалт, эдийн засгийн чадавхийнхаа хувьд “Манчестер Юнайтед”-ийг дагуулахгүй. Бидэнтэй эн зэрэгцэх баг ч үгүй биз. “Интер”-т байснаас хавьгүй өргөн хүрээтэй ажиллаж эхэлсэн.

- Та “Интер” юмуу “Челси”-д эргэж очих уу?
- Хэзээ ч үгүй гэж хэлж чадахгүй ээ. Бас өөр багт ч очно гэж хэлж чадахгүй. Гэхдээ сонголт хийх болвол би үргэлж “Интер”-ийг илүүд үзнэ гэдгээ хэлье.

- Тэгвэл та ирэх л юм байна шүү дээ?
- “Интер” надаар дутахгүй гэж бодож байна. Надаар дутна гэдэг тэд буруу зам руу орсон, амжилт муутай байна гэсэн үг.

- "Интер"-"Байерн"-ийн тоглолт ямар болох бол? Мадрид дахь тоглолтоос юугаараа өөр байх вэ?
- Энэ тоглолтыг би шимтэн үзнэ. “Челси”-гийн тоглолтыг хараад би гурван жил энэ залуустай хамт ажиллаж байсан гэж боддог ч сэтгэл хөдөлдөггүй. Харин “Интер”-ийг мартахад арай эрт байна. Тэдний төлөө би зовнидог хэвээрээ байгаа.

- Хэн нь хожих бол?
- Тэр тоглолт түүхэнд бичигдсэн. Агуу “Интер”-ийн эсрэг Роббен гайхалтай тоглолтоо гаргана гэж найдаж байна. Би таахын аргагүй тоглолтод дуртай. Хоёр баг нэг их өөрчлөгдөөгүй. “Интер” хожсон нь дээр.

- "Реал", "Интер"-ийн алинд нь ажиллах хэцүү вэ?
- Мэдэхгүй юм аа. Надад хүнд хэцүү зүйл алга. Магадгүй хүмүүстэй зөв харилцаж, тоглогчидтой эвээ амархан олдог болохоор тэр биз. “Интер”-т очиход тэд айл бүрт байдаг жижиг асуудалтай бас жаргалтай сайхан гэр бүл байсан. Зөвхөн хөлбөмбөгчдийг л Италид дахин ялалт байгуулахын төлөө зүтгүүлэх хэрэгтэй байсан.

- Та тэгээд яаж зүтгүүлсэн юм бэ?
- Дөрвөн цомоос тав нь дээр. Таваас зургаа нь дээр л гэдгийг ойлгуулсан. Бүх зүйл болно, бүтнэ гэдгийг мэдрүүлж, итгүүлсэн. Багийн ерөнхийлөгч болон хөгжөөн дэмжигчдийн хувьд Аваргуудын лиг загатнасан газар нь маажсан юм шиг сонирхолтой тэмцээн байлаа. Анх бэлтгэл хийлгэхээр гарахад хөгжөөн дэмжигчид “Би Аваргуудын лигийн аварга болмоор байна” гэж хашгиралдаж байсныг мартдаггүй.

- "Интер"-ийг Аваргуудын лигт түрүүлүүлэхэд хэр хугацаа оров?
- Нэг жил тэгээд “Манчестер Юнайтед”-д хожигдсон. Тэр ялагдлын орой хүмүүс олон янзын авир гаргасан. Зарим нь бүр цус үзэхийг хүссэн байж ч мэднэ. Би хувцас солих өрөөнөөс нэг минутын дараа гарч ирээд “Энэ хожигдол гарцаагүй учир шалтгаантай байсан” гэдгийг хэлсэн. Мораттид ч бидэнд юу дутаад байгааг ний нуугүй ярьсан. Харин жилийн дараа...

- "Реал"-д байгаа шиг ийм олон сайн хөлбөмбөгчидтэй та хамт ажиллаж байгаагүй юу?
- Мадридын тоглогчид маш чанартай. Аваргуудын лигт л гэхэд 16 оноо авлаа. “Реал”-д Роналдогоор манлайлуулсан довтолгооны хүчирхэг баг бий. Марсело довтолгоонд араас хүч нэмж, Хаби Алонсо төвөөс удирдахаар их хүчирхэг болдог. Гэхдээ жинхэнэ хүч өөр зүйлд оршдог.

- Юунд гэж?
- Энэ бол ирээдүй. Бидний хамгийн ахмад нь 32 настай Рикардо Карвальо. Дараа нь Пепе, Касильяс, Алонсо гээд насаараа жагсана. Харин үлдсэн залуус бүгд 25 хүрээгүй. Үнэхээр агуу ирээдүйтэй баг. Энэ “Реал” маш олон жилийн турш гайхалтай тоглох чадвартай.

- "Барселона"-д 5:0-ээр хожигдсон тухай юу хэлэх вэ?
- Таван дараалан 0:1-ээр хожигдсоноос нэг удаа 0:5-аар хожигдсон нь дээр. Тоглолт хачин өрнөсөн. Хоёр боломж гаргаад л хоёр гоол хийчихсэн. Дараа нь Вальдес хөөгдөж, пенальти зохих ёстой байсан. Энэ хэдэн зүйл л тоглолтыг бүрэн эргүүлчихсэн. Бид дахиад хэдэн минут тоглосон бол 7:0, 8:0-ээр ч хожигдох байсан. Гэхдээ би энэ тоглолтын дараа сэтгэл өег байсан.

- Яагаад?
- Энэ бол мөхөл гэж зарим нь дүгнэж эхэлсэн. Тоглолтын дараа бид дахиад л хожсон нь сэтгэл эег болгосон. Ер нь лигт 18, Аваргуудын лигт 6 тоглолт хожигдолгүй явсаны эцэст нэг хожигдох явдал байлгүй яахав.

- 2005 оноос хойш “Реал” Аваргуудын лигийн 1/8 шигшээгийн босгыг даваагүй. Гэтэл одоо тун таагүй дурсамж үлдээсэн “Лион”-той дахиад таарчихлаа...
- Маш хүнд тоглолт болно. Гэхдээ миний “Реал” энэ өндөр босгыг давна гэдэгтээ итгэлтэй байгаа.

- Та Аваргуудын лигт багийнхаа шар хуудсыг тэглэх алхам хийснийхээ төлөө шийтгэл хүлээсэн. Харин Платини “Бүгд л өмнө нь ингэдэг байсан шүү дээ” гэж ярьсан байсан...
- Энэ бол түүхэн шийтгэл. Жилийн жилд бүгд л ингэдэг байсан. Харин би шийтгэл хүлээсэн анхных нь хүн.

- Та хувиараа ямар нэгэн шагнал хүртэхийг хүсч байна уу. Висенте дель Боскед оны шилдэг дасгалжуулагчийн алдрыг олгох гэж байгаа гэх юм?
- Би ажлаа л хийж явна. Жилийн арваннэгэн сард 57 тоглолт хийж, гурван цом авлаа. Үүн дотор хамгийн том тэмцээний аваргын цом бий. Би авч болох бүх цомыг авсан. Миний тоглогчид ч надтай адил бүгдийн өмнө байх ёстой.

- Та Снейдерийн тухай ярих гээд байна уу?
- Тийм ээ, Снейдерийг дурьдах гэсэн юм. Хэрвээ Иньеста дэлхийн шилдэг болвол шударга гэж үү? Тэр өнгөрч буй оны эхний таван сард нь гэмтлийн улмаас тоглоогүй. Тэгээд дэлхийн аваргаар зургаан тоглолтод оролцож ганц бөмбөг оруулсан. Жилд ганцхан дэлхийн аварга гэдэг тэмцээн болоогүй шүү дээ. Олон дасгалжуулагч олон том тэмцээнд ээлжилж ялалт байгуулсан бол би шилдэг дасгалжуулагчийг шалгаруулахад өрсөлдөөн өрнөнө гэж хэлж чадна. Харин нэг хүн бүгдийг нь авчихсан байхад энэ тухай ярих утгагүй. Ер нь би алтан бөмбөг хүртсэнээс бүтэн сайны нэг тоглолтод хожсон нь дээр гэж боддог.

- Италид “Интер” тэргүүлэх байраа алдлаа. Ибрагимович “Милан”-ыг амжилт өөд чирж явна...
- Испанид жинхэнэ Ибраг олж хараагүйд харамсдаг. Яагаад энд хөлөө олоогүйг ч ойлгохгүй юм. Тэр үнэхээр гайхалтай хөлбөмбөгч. “Аякс”, “Ювентус”, “Интер”, “Барселона”, “Милан” зэрэг багт дараалан тоглож, есөн улиралд есөн удаа лигт түрүүлж чадсан. Итгэхийн аргагүй амжилт шүү. Швед хэмээх хөлбөмбөг төдийлөн сонирхдоггүй улсаас төрсөн залуу гэхээр бүр ч гайхалтай. Аваргуудын лигт түрүүлж үзээгүй ч гэсэн тэр үнэхээр гайхалтай тоглогч.

- "Милан" Сери-А-д түрүүлэх хамгийн магадлалтай баг мөн үү?
- Тийм ээ, одоо тэд илүү байна.

- "Интер" яах бол?
- Урьдын алил сайн тоглож, “Милан”-тай ширүүн өрсөлдөж чадна гэж найдья.

- "Юве" ч бас сайжирч байгаа шүү дээ?
- Тийм ээ, үнэхээр өсч дэвжиж байгаа баг. Аквилани их сайн тоглож байна. Бас Красич гайхуулж эхэллээ. Тэд аварга болохыг үгүйсгэхгүй.

Нийтэлсэн: ShuuD.mn (2010-12-24) 
Р.Гэгээ

No comments: