2010/11/30

Барселоны машин ажиллаж байна. Харин манайх...


Эхлээд Барсагийнханд баяр хүргэе. Та нар талбай дээрээ гайхалтай байлаа. Би ч бараг л хожигдох байх, ядаж тэнцэх байлгүй гэж бодож байтал 5-0. Арай ч дээ л гэмээр байлаа. 

Үнэндээ "Барселона" гэдэг машин аймар ажиллаж байна. Аргагүй л дээ ихэнх эд ангийг нь өөрсдөө бүтээж угсарсан юм болохоор. Угсараад ч удаан явлаа даа. Жолооч нь ч гэсэн энэ машин яаж хурд авдаг, яавал зогсдог, яахаар унтардагийг нь мэддэг юм болохоор сайн ч давхиж байна. Эзэд нь эд ангиар нь биш эрэг шурагийг нь тааруулаад сольчихож байна. Таарахгүй нэгнийг нь дор нь дор нь солиод явчихаж байна.


Харин "Реал Мадрид" гэдэг машин яаваа. Уг нь адилхан л дээд ангилалын класс машин юм байгаан. Даанч эзэд нь хэдэн жилийн өмнөөс жолоочыг нь ойрхон ойрхон солиод, ирсэн жолооч нар нь ч өөр өөрсдийн сонирходог эд ангийг энд тэндээс авчирсаар энэ машины тос масло нь таарч, эд анги нь авцалдахгүй явсаар л байна. Уг нь бол сайн чанарын л эд ангиуд авчирж сольдог юм. Даанч таарч тохирох гэсээр байтал өөр жолооч ирээд л эрэг шураг биш эд ангиар нь сольсоор байгаад ийм болжээ. 

Боскүе гэдэг жолооч "Глактико 1" гэдэг машиныг орхиж одсоноос хойш энэ машинаас одоо Икер гэдэг эд анги үлдэж. Дунд нь энд тэндээс олон ч эд анги ирсэн дээ... Хамгийн сүүлд гэхэд л Голланд хөдөлгүүрийн систем авчираад овоо ажиллах гэж байтал шинэ эзэн ирээд л "Глактико 2" гэдэг машин бүтээнээ гээд л шинэ жолооч авчираад Португал, Герман, Аргентина гээд л эд анги авчираад угсарчихлаа. 

Шинээр угсарагдсан энэ машин хэрхэн ажиллах вэ? хэдэн литр бензин идэж, хэр хол явах вэ гэдэг эхний том шалгалтаа өчигдөр "муу" дүнтэй өглөө. Гэхдээ яахав том масло нь тохироод, хурд хүчээ аваад ирэхээр шалгалтаа сайн өгөх цаг удахгүй бий гэж итгэж байна.

Ингэхийн тулд Жозе гэдэг жолоочын хэр сайн машиндаа дасах, машины эд ангиа тааруулахаас хамаарна. Сайн тааруулахын тулд цаг хугацаа хэрэгтэй. Түүний өмнө нь босгосон "Челси" гэдэг машин одоо ч тэр эд ангиараа боломжийн амжилт үзүүлж байгаа нь түүний хэр сайн жолоочыг илтгэнэ. 

Үнэхээр Эл Классико-д жулдлаа. Яг үнэндээ Эл Классико гэж юу болох, энэ өрсөлдөөн тэмцэлийн утга учир, хожигдол хожилын үнэ цэнийг мэдэх, мэдрэх хүн Икерээс өөр /магадгүй Рамос/ байсангүй. Бусад нь бол "Эл Классико" "Дэлхийн хамгийн том ривал тоглолт" гэж сонсоноос биш утга учирыг нь ухаараагүй л байлаа.

Хөөрхий Икерийгээ сүүлд бээлийгээ барьчихаад нулимсаа барьж ядан алхаж явахыг хараад уйлмаар л санагдаж байв.

Гэхдээ бид одоогоор тулаанд ялагдсан боловч, дайнд ялагдаагүй байна. Хариу тоглолт Сантяаго Бернабуэ цэнгэлдэхдээ Реал Мадридын машин арай өөрөөр ажиллахыг харуулж болох байлгүй дээ л гэж бодож байна.

Эцэст нь хэлэхэд Барсад "Барселонагын гэсэн философи байна". Дасгалжуулагч нь солигдсон ч тэдний гүн ухаан байсаар байсан. Манайх эсрэгээр. ЖМ ыг л тэр гүн ухааныг эхлүүлэх хүн гэж бодож байна. Тиймээс түүнд хугацаа хэрэгтэй.

Барса өөрийн философи-доо таарах хүнийг олоод тоглуулчихдаг. Таарахгүй бол дор нь явуулчихдаг. Хлеб, Ибра гэх мэт. 

Гэтэл манайх бол зэвэртэл нь банздаад л байлгаад байдаг. Угаасаа тааруулах философи ч байхгүй учираас өөрийнхөө ур чадвар хөдөлмөрөөр л тодрохгүй бол банздаад л байна шүү дээ.

No comments: